Буриадын зохиолчийн “Тэмүжин” роман “Дайн ба энх”-ийн дээд амжилтыг эвдэв
А.Гатапов шинжээчдийн зөвлөлийн дүгнэлтийг хүлээж авсан даруйд. © Александр Махачкеев

Буриадын зохиолчийн “Тэмүжин” роман “Дайн ба энх”-ийн дээд амжилтыг эвдэв


   Буриадын зохиолч Александр Гатаповын “Тэмүжин” роман Оросын утга зохиолын түүхэнд гарсан хамгийн урт роман гэгддэг Л.Толстойн “Дайн ба энх” романыг хэмжээгээрээ давсныг шинжээчид тогтоожээ. Дорж Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургуулийн шинжээчдийн зөвлөл А.Гатаповын түүхэн роман “Дайн ба энх”-ээс хэмжээгээр том болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд:

1. Уг бүтээл нь нэгдмэл үйл явдал, нэгдмэл санаа, нэг гол дүртэй уран зохиолын цогц бүтээл бөгөөд реализмын арга барилаар бичигдсэн.

2. Оросын роман бичлэгийн дэг сургуулийн бүхий л шаардлагыг хангасан, уран зохиолын өндөр түвшний бүтээл мөн.

3. Романы бичвэрийн нийт хэмжээ үсгийн тэмдэгт хоорондын зайг оролцуулаад 3,830,282 (гурван сая найман зуун гучин мянга хоёр зуун наян хоёр) нэгж тэмдэгт байна. Иймд энэхүү дүгнэлтэд гарын үсэг зурсан өдрийн байдлаар тус зохиолыг “Дайн ба энх”-ээс том хэмжээтэй Оросын цорын ганц роман болохыг албан ёсоор баталгаажуулж байна гэжээ.

   Шинжээчдийн зөвлөл “Дайн ба энх”-ээс (2,966,547 тэмдэгт) гадна, мөн Оросын утга зохиол дахь хамгийн том романы нэг гэгддэг М.Шолоховын “Дөлгөөн Дон” (2,900,051 тэмдэгт) романы хэмжээтэй харьцуулсны үндсэн дээр уг дүгнэлтийг гаргаснаа тэмдэглэсэн байна.

   Өдгөө 61 настай А.Гатапов Буриадын багшийн их сургууль, М.Горькийн нэрэмжит Москвагийн Утга зохиолын дээд сургуулийг дүүргэжээ. Тэрбээр голчлон Монголын түүхийн сэдвээр бичдэг бөгөөд таван боть “Тэмүжин” романыг 2001 онд бичиж эхлээд сүүлийн ботийг 2022 онд хэвлүүлсэн байна.  2020 онд “Номер один” агентлагт өгсөн ярилцлагадаа А.Гатапов “Би Чингис хааны талаар хэнээс ч илүү бичнэ” хэмээн өгүүлж байв. “Тэмүжин” романыг Монголын “Непко” компани 2014 онд монгол хэлээр орчуулан гаргажээ.

А.Гатапов Монголд. 2020 он. 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.